Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн үйл ажиллагаа, ангийн барилга, автомашин, техник хэрэгсэлтэй танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн үйл ажиллагаа, ангийн барилга, автомашин, техник хэрэгсэлтэй танилцаж санал солилцсон юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааны талаар дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн холбогдох мэдээллүүдийг өглөө.
Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр анги нь Сонгинохайрхан дүүргийн 48 мянга гаруй айл өрх, 87200 орчим хүн ам, иргэдийг гамшиг, осол, аюулт үзэгдэл, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэн ажиллаж байна. Тус анги нь 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, авран хамгаалсан хүний амь нас, эд хөрөнгө, үйлчлэх хүрээний айл өрх, хүн ам, ангийн товч танилцуулгыг ангийн захирагч хошууч Б.Бат-Очир танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд тус дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруунсалаа, Зүүнсалааны амуудад айл өрх олноор нүүн ирж суурьших болсон, мөн уулын өндөрлөг газар болон зам гарцгүй, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжгүй газруудад айл өрхүүд суурших болсон нь гал унтраах ангийн зэрэглэл, хүн хүч, тусгай зориулалтын автомашин, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болсныг Шадар сайдад дуулгалаа.
Ангийн барилгыг гал унтраах шуурхай бүлгийн байрны зориулалтаар аж ахуйн аргаар 2004 онд барьсан. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тус ангийн барилгыг гал унтраах зориулалтаар ашиглах боломжгүй гэж үзсэн байна. Алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоо, нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр барилгын гадна, дотор засваруудыг хийжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр анги нь ийнхүү зориулалтын бус барилгад үүрэг гүйцэтгэж байгаа тул 2 дугаар зэрэглэлийн ангийн барилгыг шинэчлэн барих шаардлагатай байгааг танилцууллаа. Ангийн шинэ барилгын төсөвт 2,7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин, гал унтраах ангийн шинэ барилгын төсвийг ирэх онд улсын төсөвт тусгуулж, батлуулахад өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлүүлэн анхаарч ажиллахаа илэрхийллээ. УИХ, Засгийн газрын гишүүдийн дэмжлэгийг авах, Нийслэлийн удирдлагуудтай ярилцаж гал унтраах ангийн алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулахад хамтран ажиллах болно” гэлээ. 2017.11.11

Image may contain: 2 people, people standing, ocean, sky and outdoor
Image may contain: 2 people, people standing and outdoor
Image may contain: 8 people, people sitting, table and indoor
Image may contain: 5 people, people standing and outdoor

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest