Нийслэлийн Онцгой байдлын газраас Сар шинийн баяр амралтын өдрүүдээр болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37783 барилгын 85009 орц байна гэсэн судалгаагаар 2018 оны эцсээр тус газраас гаргасан. Судалгааг үндэслэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сурталчилгааг шинэлэг хэлбэрээр явуулахаар төлөвлөсний дагуу “Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр барилгуудын 85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалт байршуулна. Наалтыг 2019 оны есдүгээр сарын 01-ний өдөр гэхэд байршуулж дуусгах юм. Тухайлбал 1-р улиралд 32000 ширхэгийг, 2-р улиралд 27000 ширхэг, 3-р улиралд 26000 ширхэгийг тус тус хэвлүүлж байршуулахаар төлөвлөсөн. Энэ ажил өчигдрөөс буюу нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхний ээлжинд хэвлэгдэж бэлэн болсон 5000 ширхэг наалтыг байршуулах нэгдсэн арга хэмжээгээр эхэлсэн. Энэ нэгдсэн арга хэмжээ хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал 5 хоног явагдана. Энэ ажлын хүрээнд НОБГ-ын алба хаагчид сар шинийн баярын өдрүүдэд тохиолдож болзошгүй цаг агаарын аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол, обьектийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид, айл өрх, иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, яриа таниулга хийн, сэрэмжлүүлэн ажиллаж байна.