Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүллээ. Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжууд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдэгдэлд дурджээ.
Иргэн та Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь /ойг хамгаалах үндэсний уламжлал, ёс заншлыг сахиж, хүүхэддээ экологийн хүмүүжил олгох/, 20.2.4 дэх /гал түймрийн улсын хяналтын дүрмийг чанд биелүүлж, түймрийн аюултай үед ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж аюулгүй болгох/, 20.2.5 дахь /гэр, байшин, хураасан өвс, хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас татах болон түймэр унтраах байнгын багаж хэрэгсэлтэй байх/, 20.2.6 дахь /өрх бүр үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, түймэр алдахгүй байх нөхцөлийг хангах/, 20.2.7 дахь /ой, хээрийн түймрээс амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, түймэр унтраах анхан шатны арга ажиллагааг эзэмшсэн байх, хүүхдээ түймрээс сэрэмжлүүлж сургах/, 20.2.8 дахь /тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглох, галын аюултай бодис, шатах, тослох материалыг хадгалах горимыг чанд мөрдөх/, 20.2.9 дэх /хуурай өвс, ургамлын хучаас, тариалангийн талбайн сүрэл, хог ургамал, өтөг бууцыг шатаахгүй байх/, 20.2.10 дахь /ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд иргэний журамт үүргийн дагуу оролцох, хувийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ ашиглуулах болон ой, хээрийн түймэр илрүүлсэн, түймрийн тухай мэдээ хүлээн авсан бол түүнийг унтраах арга хэмжээг шуурхай авч, холбогдох шатны Засаг дарга, бусад шаардлагатай байгууллагад яаралтай мэдээлэх/ заалтуудын хэрэгжилтийг хангасан байх үүрэгтэй.
Холбогдох хууль тогтоомжоор заагдсан эрх, үүргийнхээ хэрэгжилтийг хангаагүй, түүнчлэн хуурайшилтын үед ой, хээрийн түймэр тавьсан, гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн дагуу, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх //ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн/, 8.2 дахь /мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн/, 8.3 дахь /шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан/, 8.4 дэх /тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, чүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан/ бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заалтын дагуу захиргааны шийтгэл оногдуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.