УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы (2019.05.03) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын талаар” мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллээс хүргэж байна.
“Хаврын улиралд өнжмөл өвс, унанги мод ихээр хуримтлагдах, хур тунадас, чийгийн дутагдлын улмаас ихээхэн хуурайшилт үүсэх, салхины хурд, хүч нэмэгдэж, шуургатай өдрийн тоо олшрох зэрэг олон талын нөхцөлийн улмаас ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрддэг.
Улсын хэмжээнд 2019 оны 05 дугаар сарын 02-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 33 суманд нийт 48 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 21.9 мянган га ой, 217.2 мянган га хээрийн талбай, нийт 239.2 мянган га талбай түймэрт өртөөд байна.
Эдгээр түймэртэй тэмцэхээр Онцгой байдлын байгууллагаас 1253 алба хаагч, 148 автомашин, ЗХЖШ-аас нисдэг тэрэг 7 удаа, Хил хамгаалах байгууллагаас 120 алба хаагч, 20 автомашин, Цагдаагийн байгууллагаас 17 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1782 иргэн, 213 автомашин, 17 мотоцикль, 69 морь, нийтдээ 3172 хүн, 7 нисдэг тэрэг, 383 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2019 оны 4 дүгээр сард нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан хуурайшилт өндөр байсан.
Өнгөрсөн сарын байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн хойд, Булган аймгийн өмнөд, Архангай аймгийн зүүн хэсгийн нутаг хуурайшлын дунд зэргийн, харин Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр хуурайшлын бага гэсэн ангилалд багтаж байна.
Энэ сарын эхний 15 хоногт төвийн болон зүүн аймгуудын нутгаар бага зэргийн хур тунадас орох урьдчилсан төлөв байгаа боловч ирэх 6 дугаар сарын дунд үеийг хүртэл төвийн болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт, гал түймрийн эрсдэл өндөр байх магадлалтай байна.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар
“Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын онцгой комиссын 01 тоот албан даалгаврыг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Үүний дагуу ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, сургалт сурталчилгаа явуулах, дадлага сургалтыг аймаг, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдийн оролцоотой зохион байгуулж, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх, авран хамгаалах, унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” хамтарсан тушаалаар түймрийн аюулын үнэлгээг харгалзан тухайн аймаг, суманд явуулж буй ойн арга хэмжээ, иргэдийн аялал зугаалга, ой, хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хориглох, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий жижүүр ажиллуулж байна.
Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний ой, хээрийн гал түймэр унтраах автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, нөхцөл байдал хүндэрсэн үед мэргэжлийн анги, албад, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг, нутгийн иргэдийг татан оролцуулах, тэдгээрийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.
Улсын Их Хурлаас Галын аюулгүй байдлын тухай хуулийг 2015 онд шинэчлэн баталснаар Монгол Улсад гал түймэртэй тэмцэх сайн дурынхныг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 21 аймгийн 126 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 128 сайн дурын хэсэг 3600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна.
Түймрийн эрсдэл ихтэй аймаг, сумдын захиргааны байгууллагууд түймрийн аюултай улиралд иргэд болон ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан урамшуулалт эргүүл, харуулыг зохион байгуулж байна.
Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх хүрээнд ОХУ-ын Засгийн газартай 1995 онд байгуулсан “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн дагуу хоёр орны хамтарсан комиссын уулзалтыг зохион байгуулж, хамтран ажиллаж байна.
ОХУ-тай хиллэж байгаа Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Увс аймгийн улсын хилийн шугамын дагуу нийт 10-30 м өргөнтэй, 800 гаруй км урт үргэлжилсэн түймрээс хамгаалах зурвасыг шинээр байгуулсан нь гал түймрийн эрсдэлийг бууруулахад нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж үр дүнгээ өгч байна.
2018 онд ОХУ-тай хиллэх Улсын хилийн дагуу түймрийн эрсдэлийн бүсэд байрлах сум дундын 16 ойн ангийг ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтын автомашин, түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах зориулалтын үлээгч аппарат, ус шүршигч, ус зөөвөрлөх сав зэрэг багаж хэрэгслээр хангаад байна.
Эрхэм гишүүд ээ,
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар товч мэдээлье.
1.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр төсөв хөрөнгө, хүн хүчийг нэмэгдүүлэх зэргээр түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх ажлын бэлэн байдлыг хангаж ажиллах;
2. Орон нутгийн түвшинд бүх шатны Засаг дарга нар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх, үүргийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэх асуудлыг зохицуулж байгаа хууль тогтоомжуудад тодорхой зааж өгсөн. Хуулиар хүлээсэн үүргээ бүх шатны албан тушаалтнууд чанд биелүүлж, хариуцлагатай ажиллах;
3. Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар Ойн тухай хуульд заасан жил бүрийн төсөвт түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажилд тусгайлсан төсөв, төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг үүргээ тууштай хэрэгжүүлэх;
4. Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрээс байгаль орчинд учирсан хохирлыг тооцож, эзэн холбогдогчийг тогтоон хохирлын төлбөрийг нэхэмжилсэн, төлбөр нь эргээд байгаль орчныг сайжруулах, нөхөн сэргээхэд хэрхэн зарцуулагдсан талаарх мэдээлэл төдийлөн хангалттай бус байна. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нар түймрээс учирсан хохирлыг тооцож бүртгэх, үр дүнг Онцгой байдлын Ерөнхий газар, албадад тогтмол мэдээлж байх;
5. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, хариуцлагыг сайжруулахад байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулах. Түймрийн аюултай үед тогтмол мэдээ солилцож хамтран ажиллах, орон нутгийн түвшинд хамтран хяналт шалгалт хийх ажлыг үр дүнтэй зохион байгуулж байх;
6. Ой, хээрийн түймрийн эрсдэлийн бүсэд байрлах ойн нөхөрлөлүүдийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах дадлага, туршлагатай болгох, галын аюулгүй хувцас, техник хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;
7. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүдэн гарч байгаа ой, тал хээрийн түймэртэй тэмцэхэд Онцгой байдлын байгууллага, албадын түймэртэй тэмцэх орчин үеийн техник хэрэгсэл, ажиглалт, хяналтын тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.
Иймээс байгаль цаг уурын болон хүний хүчин зүйл зэрэг олон талын хүчин зүйлээс үүдэн гарч байгаа ой, тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаашид улам өргөнөөр зохион байгуулах, байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийг энэ үйл ажиллагаанд улам өргөнөөр татах оролцуулах шаардлагатай.
Ой, тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, бүх шатны Засаг дарга нар, Улсын Онцгой комисс, Онцгой байдлын байгууллагын зүгээс бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.