Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт” -ыг нийслэл хотын хэмжээнд зохион байгуулах болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

963

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт”-ыг зохион байгуулснаар Улаанбаатар хотод тохиолдож болох болзошгүй аюулд ард иргэдийг бэлэн байдалд байлгаж, төр засаг, удирдлагуудаас авах арга хэмжээ нь тодорхой, байгууллагуудын хамтын ажиллагааг нь сайжруулах, аюулыг хохирол багатайгаар даван туулах зэрэг болзошгүй аюул нүүрлэхэд манай улсын бэлэн байдал ямар түвшинд байгааг дүгнэх зорилготой байна.

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. 1990 оноос хойш гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг нийслэл хотод зохион байгуулж байгаагүй. Сүүлийн үед Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжил эрс нэмэгдэж байгаа. Тэр утгаараа сургуулилалт нийслэл хотыг бүхэлд нь хамарсан томоохон сургалт бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд,

Нэгдүгээрт, Нүүн шилжих дадлага сургуулилт. Энэ нь газар хөдлөлтийн үед орон сууцанд амьдардаг ард иргэд, аж ахуй нэгжүүдийг аюулгүйн цэг талбай дээр очиж байрлуулах юм. Ингэхдээ Улаанбаатар хотын бүх барилга байгууламж, орон сууц, аж ахуйн нэгжид байгаа хүмүүсийг нүүн шилжүүлэх хөдөлгөөнд оролцуулна. Тухайлбал, тухайн иргэн орон сууцнаасаа гараад ямар маршрутаар хэрхэн явж, аюулгүйн цэг талбайд очих вэ гэдгийг нь зааж гаргасан зөвлөмж хүргүүлэх юм. Сургалтад оролцохгүй аж ахуй нэгж гэж байхгүй бөгөөд тус сургуулилалт нь хагас өдөр үргэлжилнэ. Энэ үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг ч хүртэл түр хугацаагаар хаана.

369

Улаанбаатар хот дундуур 50 км урттай хагарал байна.

Хоёрдугаарт, Нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуулилалт. Улаанбаатар хотод буй зургаан дүүргээс ямар нэгэн байдлаар сонгочихсон байх орон сууцны ард иргэдийг аюулгүйгээр аюулгүйн цэг рүү нүүн шилжүүлнэ. Тухайлбал, амралтын газар, аялал жуулчлалын цэгүүдийг сонгосон.

Гуравдугаарт, хээрийн эмнэлэгүүдийг туршиж үзнэ.

Ингэснээр газар хөдлөлт болон болзошгүй аюулын үед шат шатанд авах арга хэмжээг зохион байгуулах туршлагыг суулгах юм. Бусад орныхон иймэрхүү томоохон сургалтуудыг их зохион байгуулдаг.

Улаанбаатар хотод аюулгүйн 111 цэг талбай бий. Мөн Монгол Улсад аюул тохиолдоход олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэний нисэхийн байгууллагуудын тусламж ямар байдаг талаар сургалт судалгааг илүү нарийн хийж, хамрах хүрээ том, цогц хэмжээний сургуулилалтыг хийхээр төлөвлөжээ. Мөн гэр хорооллын айл өрхүүдийг хэрхэн зохион байгуулалтад оруулж аюулгүйн бүсэд очих маршрутыг хүртэл бэлдэхээр ажиллаж байна. Энэ удаагийн сургалтыг ард иргэдийнхээ оролцоонд тулгуурлан зохион байгуулна” хэмээн ярилаа.

Одоогийн байдлаар тус сургуулилалттай холбоотойгоор 14 ажлын хэсэг гаран ажиллаж байгаа юм байна. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэлэхдээ “Дөрөвдүгээр сарын 25-27-ны өдөр Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тул тус бүрдээ ажлаа зохион байгуулахыг хүсэж байна. Түрүүн хэлснээр хагарлын шинж тэмдэг илэрч байгаа учраас бид үргэлж бэлэн байдалд байх хэрэгтэй. Улаанбаатарт буулгаад дахин барих барилга олон бий. Тэр утгаараа барилгын норм стандартад өөрчлөлт орсон байгаа” гэв.

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest