Булган, Орхон, Төв аймгийн зарим сумдад гахайн гоц халдварт африкийн мялзан өвчин гарсан нь тогтоогдон, нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний зарим газарт тухайн өвчин гахайн маханд илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон байна. Мөн “Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг” өнөөдөр хуралдлаа.
Тус хурлаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/20 дугаар захирамжаар уг өвчин тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 24 ажлын хэсэг ажиллаж, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх юм. Хяналт шалгалтын хүрээнд ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар ажлын хэсгийнхэнд үүрэг чиглэл өглөө.
Ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын нийт 250 гаруй алба хаагчид ажиллаж байна.
Гахайн мялзан өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гэхдээ хүнд халдварладаггүй, хүн халдварыг тээгч болдгоороо онцлог юм.
Иймд бусад аймаг, сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулж ирэхгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй гахайн махыг хүнсэндээ хэрэглэхгүй байх, гахайн мах, түүний эд эрхтэнийг хүнсэнд хэрэглэхдээ бүрэн гүйцэд боловсруулж хэрэглэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.