М.Ганбаатар: БУРХАН НАМАЙГ ЕРӨӨСӨӨ Л ЭНД БАЙХААР ЗУРСАН ГЭЖ БОДДОГ

Энэ удаагийн буландаа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч М.Ганбаатарыг урилаа. 

-Хүн бүрийн ажил мэргэжлээ сонгосон замнал өөр өөр түүх намтрыг дагуулж байдаг. Зарим нэг нь эцэг, эхийнхээ мэргэжлийг өвлөсөн байдаг бол нөгөө хэсэг нь ажил, мэргэжлээ санамсаргүйгээр сонгосон ч байдаг.  Тэгэхээр таны хувьд Онцгой байдлын албанд яагаад орох болсон нь сонин байна?

-Анх 1999 онд наймдугаар ангиа төгсөөд Гал унтраах хэлтэст ажилд орохоор очсон юм. Тэгтэл 10 дугаар анги төгссөн хүнийг авна гээд намайг буцаачихсан. Тэгэхээр нь оройгоор 10 дугаар анги төгсөөд орох гэсэн бас л цэргийн алба хаасан байх ёстой гээд орж чадаагүй.  Цэрэгт явах гэтэл тэр жил надад цэргийн зарлан ирээгүй байсан юм. “Ажилд орох гэтэл цэрэгт явах ёстой гээд байна, сайн дураараа цэрэгт явья” гээд багийн даргатайгаа уулзлаа. Тэр үед ахад маань цэргийн зарлан ирсэн байсан учраас нэг айлын хоёр хүүхдийг цэрэгт явуулахгүй гэдэг юм байна. Тэгэхээр нь оргоод цэрэг татлагад явчихсан.

-Тэгээд цэргийн алба хаачихсан уу?

-Үгүй ээ. Оргож очоод дамжин дээр хуваарилагдах болсон чинь Моононгийн Ганбаатар гараад ир гэж байна. Гараад очтол чи ямар ч бүртгэлгүй, харьяалал байхгүй байна. Тиймээс өнөө оройны суудлаар буц гэсэн. Ингээд цэргийн алба хаах гэсэн минь бүтэлгүйтээд буцаад ирсэн /инээв/. Тэгээд сүүлд нь хөөцөлдөж байгаад гал сөнөөгчөөр ажилд орсон доо.

-Гал сөнөөгчөөр ажил орсон хүн одоо усчин аврагч болчихсон байдаг?

-Тийм шүү. 2003 онд усчин аврагч бэлтгэх курс хичээллэхэд өөрийн саналаар орж суралцаж байлаа. Түүний дараа шүхэрчин гал сөнөөгч бэлтгэхэд мөн л өөрийн саналаар явж байсан.

-Гал сөнөөгчийн алба гэдэг амаргүй. Тэгээд ч Сэлэнгэ аймгийн хувьд ойн сан ихтэй. Тэр хэрээрээ ойн түймэр цөөнгүй гардаг. Шантарч, бэрхшээх үе гарч байв уу?

-Шантрах үе байлгүй яахав. Хоолтой, хоолгүй, нойртой, нойргүй, хол замд хүнд аранз үүрээд явна. Шантрах үедээ би өөрөө хүсч зүтгэсээр байгаад энэ албанд орсон юм чинь энэ бүгдэд бэлэн байх ёстой, тэмцэх ёстой гэж өөрийгөө зоригжуулсаар тэр бүгдийг даван туулж ирсэн. Тийм болохоор би энэ албандаа хайртай байдаг. Бас түймэрт явж, усанд, аваар ослын үед ажиллаж ядрах үедээ  өөртөө гоморхох үе хааяа гарна. Би энд юугаа хийж байгаа юм бол, заавал ингэж махаа зулгааж байх ёстой ч юм уу гэж хааяа бодогддог. Тэгэхдээ өөрийнхөө энэ албанд дурлан байж орсноо бодоод бурхан намайг ерөөсөө л энд байхаар зурсан юм байна гэж боддог юм.

-Ямар үед өөртөө гомдох вэ?

-Яахав, ядрах үе байна шүү дээ. Түймэр ихтэй үед хичнээн цагаар, өдөр шөнөгүй нүдээд дийлдэхгүй үе олон. Усан дор хайж байгаа хүнээ олохгүй, олон цагаар ажиллах үе байна. Усны эрлээр өглөө гараад л өдөржингөө хайгаад ололгүй буцаад ирэхэд ар гэрийнхнийх нь царайг харах их хэцүү. Олсон болов уу гэсэн горьдлогын нүдээр харсаар угтана. Ийм үед өөрийгөө бүрэн бэлтгэгдээгүй байна даа гэж өөртөө гомдох сэтгэгдэл хааяа төрдөг юм.

-Сэлэнгэ аймгийн хувьд гол ус ихтэй. Тэр хэрээрээ усны осол их биз?

-Тийм шүү. Монгол орны томоохон голууд ихэвчлэн манай аймгаар дайран өнгөрдөг. Мөн олон улсын хилийн боомт учраас хүмүүс наашаа, цаашаа их орж гардаг. Ингэж явахдаа замаараа сэрүүцэх, амрах журмаар гол ус руу их орно. Гэтэл энэ нутгийн биш гадны хүмүүс гол усныхаа байцыг мэдэхгүйн улмаас усанд амь насаа алдах тохиолдол бишгүй гардаг.

-Өөрийн тань хувьд хамгийн гүндээ хэчнээн метрт шумбаж байв?

-Сэлэнгэ мөрөн тохойрсон эргүүлэг ихтэй газраа 8-9 метр хавьцаа байдаг. Харин Дархан-Уул аймагт тогтоол устай газрууд бий. Тийм газар 12 метрийн гүнд шумбаж байсан.

-Ингэхэд усчин аврагчийн бусдаасаа ялгарах онцлог нь юу вэ?

-Усчин аврагчийн хувьд усны гүнд ажиллах, усны урсгалыг тооцоолох чадвартай байх ёстой. Усанд ороход ямар ч барих барьцгүй байдаг учир бусад аврагчдаасаа илүү мэргэшсэн байх ёстой гэж би боддог.

-Таны хувьд одоо хангалттай мэргэшсэн үү?

– Мэргэшсэн гэж хэлж болохгүй л дээ. Байгалийн тогтоц, тэр дундаа усны гольдрол өдөр болгон шахуу өөрчлөгддөг. Энд хайрга байсан гээд ороход л тэр нь өөрчлөгдчихсөн шууд хөл алдах жишээтэй. Усны орчин байнга хувьсан өөрчлөгдөж байдаг.

-Гэхдээ л Сэлэнгэ мөрнийхөө булан тохой бүрийг багцаална биз дээ?

-Багцаа бол байлгүй яахав. Тухайлбал, Орхон голын дээд талаар хүн урсчихлаа гэхэд тэндээс явсаар тэнд гацсан байж магадгүй гэж багцаална. Олон жил явсан болохоор тийм багцаатай болчихно л доо.

-Анхны юм болгон хүний сэтгэлд тод дурсамж үлдээдэг гэдэг. Анх галын дуудлагад явсан, усны дуудлагад явснаа эргээд дурсвал?

-Анх дадлагажигч байхдаа вагон шатаж байгаа дуудлагад явж, туслах ажилтнаар ажилласан юм. Тэгээд гал жаахан намсаад ирэхээр нь вагонд том баллон шатсаныг мэдэлгүй, онгирч гүйж орох гээд нэг ахад “үхэх гээ юү чи” гээд өшиглүүлж байлаа. Одоо бол галнаас ус нь харьцангуй хэцүү юм гэдгийг ойлгож авсан.

Гал бол нөхцөл байдал нь ил харагдаж байдаг учраас эндээс тойруулж унтраачихаад, үүгээр нь ороод хүн байна уу гэдгийг үзэж болох юм гэж тооцоолж болдог. Харин усан доор бол ямар ч баримжаа, төлөвлөлт байхгүй. Шумбаад ороход ямар ч үзэгдэх орчин байхгүй, харанхуй. Бэлтгэл сургуулилт, сургалтын үеэр цэнгэг нууранд бэлтгэл хийж байсан болохоо их тайван байсан юм.

Гэтэл  амьдрал дээр их өөр байсан. Анх усны дуудлагаад ажиллаж усны гүнд орохдоо их айж байж билээ.  Ганцаараа орсон болохоор хаашаа явахаа ч мэдэхгүй, юун хүнээ хайх. Хамгаалалтын олсноосоо тас зуурчихаад бушуухан гарахын түүс л болж байлаа. Одоо бол харьцангуй тайвшралтай, орчноо мэдэрдэг болсон.

-Галд түлэгдсэн, усанд осолдсон хүнийг гаргаж ирэх аль аль нь мэдээж хэцүү. Тийм хэцүү дуудлагад явсны дараа заавал гандангаар орж ном уншуулчихаад гэртээ очдог байсан гэж нэг аврагч ярьж байсан юм. Өөрийн тань хувьд тийм юм байх уу?

-Хүний сүсэг, сүжиг гэж байна шүү дээ. Зарим маань дуудлагаар ажиллаж ирээд байрандаа арцаар утна. Гандангаар орно. Зарим нь ч  утсан дээрээ “Хийморийн сан”-гийн бичлэг тавьчихаад явж л байдаг. Миний хувьд “Төрийн сүлд өршөө” гэж залбирчихаад л явдаг юм. Аврагч хүн ямар ч нөхцөлд ажиллана. Хамгийн гол нь сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, өөрөө сэтгэлээ засч байх хэрэгтэй. Ямар ч дуудлагаар ажиллаж болно. Нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж,  сэтгэлзүйгээ бэлтгэж очдог. Тэгэхгүй бол ядаж л зүүдэнд үзэгдээд байх тал бий. Жирийн хүн гэнэт нүүр тулбал галзуурахаар юман дээр аврагчид очиж ажилладаг юм шүү дээ.

-Бүлгийн даргын хувьд зөвхөн өөрийгөө биш бусад нөхдийгөө ч сэтгэл зүйн хувьд бэлтгэх хэрэгтэй болдог байх. Ийм үед залуучууддаа ямар үгийг хамгийн ихээр хэлдэг вэ?

-Миний хариуцаж байгаа  бүлгийнхний хувьд олон жил ажилласан туршлагатай аврагчид байдаг. Ажилласан жилээрээ ч, насаар ч хамгийн бага нь би.  Тийм болохоор та нар юун дээр очих гэж байгаагаа мэдэж байгаа учраас сэтгэлзүйгээ бэлдээрэй л гэж хэлдэг. Бүгд дадлага туршлагатай хүмүүс учраас олон юм яриад байх шаардлага байдаггүй. Ажлынхаа хуваарилалтыг хийгээд явдаг юм.

-Ингэхэд юу нь тэгтлээ таалагдсан болоод гал сөнөөгчөөс усчин аврагч руу урвачихсан юм бэ?

-Гал унтраах ангид ажиллаж байх үед бид нэг удаа усны эрэлд яваад голын эргээр хайгуулд явсан юм.

Тэгэхэд аврах ангийнхан усанд шумбаад эрлийн ажиллагаа явуулж байгаа нь их гоё санагдаж билээ. Би ингэж усанд шумбаж үзэх юмсан гэж бодоод явж байтал намар нь усчин аврагч бэлтгэх сургалт явагдана гэхээр нь өөрийнхөө сонирхолд хөтлөгдөөд орчихсон юм. Тэгээд ч давхар мэргэжилтэй больё гэж бодсон л доо.

-Таны зөв л дөө. Аврагч хүн бол төрөл, мэргэжил харгалзахгүй ур чадвар  эзэмшсэн байх ёстой.

– Одоо бас химичин аврагч болох бодол бий.  Химийн осол бол манай улсад төдийгүй дэлхий нийтэд ихээхэн хор хөнөөлтэй гамшгийн нэг болчихоод байна. Тийм ч учраас аврагчдаа бэлтгэх хэрэгтэй. Би өөрөө энэ талаар мэдлэг чадвар эзэмшиж байж бусдадаа зааж зөвлөх ёстой. Тиймээс энэ чиглэлээр сурч мэдэх юмсан гэж боддог.

-Мэргэжлийн өвчин гэж хүмүүс их ярьдаг. Энэ өвчин Онцгой байдлын албаны албан хаагчдад бүр илүүтэй байдаг болов уу гэж заримдаа боддог юм. Гол устай газар амарч байлаа гэхэд хавь ойрынхноо усанд ороход нь болгоомжлоод таардаг байх даа. Иймэрхүү зүйл олон тохиолдоно биз?

-Ийм тохиолдол байлгүй яахав. Манайхан амралтаараа салхинд гарлаа гэхэд гол ус руу явна гэхээсээ илүүтэй уул руу, ус голгүй газар руу л явья гэнэ шүү дээ. Гол руу явахаар усанд орохоо болиоч ээ, гараач ээ гэж хавь ойрынхноо заавардаад өөрөө ч амарсан юмгүй, эхнэр хүүхдээ ч амраасан юмгүй, ийш тийшээ гэсээр байгаад таардаг юм.

М.Ганбаатар: БУРХАН НАМАЙГ ЕРӨӨСӨӨ Л ЭНД БАЙХААР ЗУРСАН ГЭЖ БОДДОГ

-Нэг хүүхэдтэй.

М.Ганбаатар: БУРХАН НАМАЙГ ЕРӨӨСӨӨ Л ЭНД БАЙХААР ЗУРСАН ГЭЖ БОДДОГ

-Бид хоёр их сонин түүхтэй танилцсан. Гал сөнөөгчөөр ажиллаж байхдаа нэг удаа дуудлага хүлээн авагчаар ажилласан юм. Тэгээд нэлээн орой болчихсон байсан.  Утас дуугараад автал нэг охин, “Ахаа би гэртээ ганцаараа байна. Та жаахан хань болоод өгөөч” гэдэг юм байна. Тэгэхээр нь энэ бол албаны утас, ахын дүү ингэж болохгүй гээд утсаа тавьчихсан. Тэгсэн чинь өнөө охин чинь ахин дахин залгаад, сүүлдээ та ганц онигоо яриад өгчих, дахиж залгахгүй гэхээр нь би нэг онигоо ярьж өглөө. Манайд Улаанбаатар гэдэг нэртэй хүн ажиллаж байсан гэдэг юм. Тэгээд нэг удаа жижүүрээр сууж байтал нь хотоос залгаад “Улаанбаатараас ярьж байна аа гэсэнд хариуд нь Улаанбаатар сонсч байна аа” гэж л дээ. Тэгсэн нь өөдөөс нь “Үгүй ээ, би Улаанбаатараас ярьж байна аа” гээд ойлголцох гэж нэлээд юм болсон гэдэг юм. Тэр онигоог ярьж өгөөд дахиж битгий залгаарай гэтэл өнөөх чинь байн байн залгаад болдоггүй. Би загнаад. Тэгсээр тэр өдөр өнгөрсөн юм.

Гэтэл түүнээс жилийн дараа бас ээлжтэй ажиллаж байтал нэг охин залгаад онигоо ярьж өгөөч гэдэг юм. Би ч уурлаж загначихаад, өөр хүн утсан дээр суулгачихаад яваад өгсөн. Өглөө нь харин утсан дээр жижүүрлэсэн залуу маань “Өчигдөр нэг эмэгтэй яриад танилцахаар болсон. Өнөөдөр уулзана гэсэн юм. Хоёулаа очьё” гэнэ. Залуу хүмүүс байна, хамт очоод танилцлаа. Маргааш нь өнөө залуу маань нөгөө охинтой өнөөдөр уулзая гэсэн чинь надад ажил гарчихлаа, чи очоод уулзчих гэдэг юм байна. Очоод уулзаад ярилцаж байтал “Өнгөрсөн жил би танайх руу залгаад онигоо ярьж өгөөч гэсэн чинь нэг ах Улаанбаатар гэдэг хүний онигоо ярьж өгсөн” гэдэг байгаа /инээв/ Ингэж л бид танилцсан даа. Дөнгөж л 10 дугаар ангиа төгсч байсан юм билээ.

– Одоо ханилаад хэдэн жил болж байна вэ?

-Найман жил болж байна даа.

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй гэдэг. Таны хүсч мөрөөдөж байгаа зүйлийг сонирхож болох уу?

-Аврагчид маань мэргэжил, ур чадвараараа олон улсын хэмжээний түвшинд хүрэхэд ойрхон гэж боддог. Сэлэнгэ аймгаас аврагчдыг сонгож гадаад оронд үүрэг гүйцэтгүүлэхээр явууллаа гэхэд тэнд очоод аврах ажиллагаанд оролцохоор явсан аврагчид маань ур чадварын хувьд гадныхнаас дутахааргүй хэмжээнд чадвартай болтол нь бэлтгэхэд хувь нэмрээ оруулан ажиллана гэсэн гэсэн бодол, хүсэл бий.

-Энэ зорилгодоо хүрэх эхлэлээ ямар нэгэн хэмжээгээр тавьж чадсан уу?

-Бага, багаар хийж эхэлж л байна. Өнгөрсөн жил аймгийнхаа хэмжээнд ууланд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт анх удаагаа бие даагаад зохион байгуулж үзлээ. Уснаас эрэн хайх ажиллагаа, өндөр барилгаас аврах ажиллагааны сургалтыг бас явуулж үзсэн. Ахиулаад л байна.

 

Ийнхүү сонины маань зай талбай хэмжээтэй учир бидний яриа өндөрлөлөө. Гэгээн мөрөөдлийнх нь зам гэрэлтэй байж, хүсэл зорилгоо биелүүлэхийн сайхан ерөөлийг талбия.

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest