“Дэлхийн энхийн их наадам” ТББ, “Монголын уламжлалын академи”, “Дэлхийн энхтайвны зөвлөл” зэрэг Монгол дахь энхтайвны байгууллагуудын хамтран зохион байгуулдаг “Энхийн шагналтан” шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаа дахь удаагаа боллоо.
Энхийн шагналыг төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулсан, бусдын сайн сайхны төлөөх бодит ажил нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүмүүнд олгодог уламжлалтай.
Харин өнөө жил ард нийтийн амар амгалангийн төлөө амь бие үл хайрлан зүтгэдэг Онцгой байдлын албаны аврагчид энэхүү шагналын эзэд боллоо.
Энэ жилийн шагналтанг хэрхэн сонгон шалгаруулсан тухай “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын тэргүүн, “Энхийн шагналтан” ёслолын ажиллагааг зохион байгуулах хорооны гишүүн Г.Ганбат “Энх гэхээр хүмүүс дайнтай холбож ойлгодог. Энэ бол дайнаас илүү өргөн ойлголт юм. Тиймээс ч сонгосон мэргэжил, хийж буй ажилдаа эзэн болж чадаж байгаа, нийгмийн хатуу ширүүн байдлыг үл тоон нэр төртэй зүтгэж, хөдөлмөрлөж тухайн салбартаа үнэлэгдэж чадсан эрхэм хүмүүст энэхүү шагналыг олгодог юм.
Энэ жилийн шагналыг зөвхөн хувь хүнд биш Онцгой байдлын албанд өгч байгаа юм. Хүний амьдралд тааж хэлэхийн аргагүй гал усны гашуун зовлон тохиолддог. Энэ бүхэнд нэргүйгээр зүтгэж, гомдол ярилгүй амь насаа үл хайрлан нийгмийн амар амгалангийн төлөө нэр төртэйгээр зүтгэж байгаа хүмүүсийн хичээл зүтгэлийг үнэлэн олгож байгаа шагнал гэж ойлгож болно” хэмээлээ.
Нийгмийн амар амгалангийн төлөө нэр төртэй зүтгэж, түмэн олноо үлгэрлэн манлайлсны гавьяаг цохон тэмдэглэж “Тэргүүн дээд нийгмийн зүтгэлтэн”-ээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Чулуунбилэгтийн Ганзамыг тодруулан “Энхийн шагналтан”-аар өргөмжилж, “Энхийн төлөө” цомыг гардуулав.
Мөн тэргүүн дэд байранд ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын дөрөвдүгээр бүлгийн аврагч Дүнхүүгийн Эрдэнэбатыг тодруулж, “Энхийн шагналтан”-д өргөмжиллөө.
“Энхийн шагналтан”-д олгодог цомыг уран барималч Д.Гантөмөр урлажээ.
Дашрамд сонирхуулахад, “Энхийн шагналтан” ёслолын арга хэмжээг 2011 оноос зохион байгуулж эхэлсэн байна. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, боловсрол зэрэг бүхий л салбараас “Энхийн шагналтан”-г шалгаруулж иржээ.
– 2011 онд дипломатич, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан,
– 2012 онд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн
– 2013 онд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
– 2014 онд “Нарны хүүхдүүд” асрамжийн газрыг үүсгэн байгуулагч, Гавьяат багш С.Эрдэнэчулуун
– 2015 онд Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар нарт тус тус шагналыг олгосон байна.
Ингээд “Энхийн шагнал”-ын эзэн, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Чулуунбилэгтийн Ганзамтай уулзаж ярилцсанаа толилуулья.
-Төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулсан, бусдын сайн сайхны төлөөх бодит ажил нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдэд олгодог нэр хүндтэй шагналын эзэн болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Нэр төртэй шагналыг хүртсэндээ туйлын баяртай байна. Би 1995 оноос хойш одоог хүртэл Онцгой байдлын албандаа үүрэг гүйцэтгэж байна.
2011 онд Япон улсад болсон цунамигийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлж тус улсад үүрэг гүйцэтгэж байлаа. Мөн 2012 онд Энхийг дэмжих ажиллагаанд оролцож Өмнөд судан улсад долоон сар үүрэг гүйцэтгэсэн. Минийхээр энх тайван гэдэг бол эх орон, ард түмний амар тайван байдлыг хэлдэг гэж ойлгодог. Тиймээс ч амар амгалангийн төлөө амь бие үл хайрлан зүтгэж буйдаа талархдаг.
Онцгой байдлын албаны албан хаагч гэдгээрээ би ямагт бахархдаг. Тиймээс гадаадын улс оронд ч үүрэг гүйцэтгээд үзье гэж бодоод Японд үүрэг гүйцэтгэх багт өөрийн саналаараа явсан. Тэр бол миний гадаад оронд аврах ажиллагаанд явсан анхны томилолт байсан.
-Японд хэчнээн орны аврагчидтай хамтран ажилласан бэ?
-Японы өөрсдийнх нь аврагчид, тэгээд АНУ, Солонгос, Германы аврагчидтай нэг лагерт байрлаж үүрэг гүйцэтгэсэн.
-Нөхцөл байдал бол их хүнд байсан биз?
-Тэгэлгүй яахав. Цунами бүгдийг юу ч үгүй арчаад хаячихсан. Сэндвичин барилгууд бүгд нурчихсан. Нурангин доогуур эрэл хайгуул хийж байсан. Хэрвээ хүн олбол хүрч болохгүй, шууд япон аврагчдыг дуудаарай гэсэн зааврыг бидэнд өгч байлаа. Үүрэг гүйцэтгэж байхдаа бид нэг цогцос олсон. Тэгээд гар хүрэлгүйгээр японы аврагчдыг дуудаад, тэд аваад явсан. Үнэндээ тэр дундаас амьд хүн гарч ирэх ямар ч боломжгүй байсан.
-Гадны өндөр хөгжилтэй орнуудын аврагч нартай үүрэг гүйцэтгэхэд та нарт давуу болоод ялгаатай тал хэр ажиглагдаж байв?
-Ажиглагдалгүй яахав. Гадаадынхны багаж, техник хэрэгсэл маш сайн. Тийм болохоор тэд нурангинаас эрэл хайгуул хийхэд нурангийг онгичилгүйгээр энд тийм, ийм юм байна гээд багаж техникийн тусламжтайгаар гаднаас нь илрүүлэлт хийгээд явчихдаг. Бид болохоор онгичоод л, ухаад явдаг байсан. Тэгээд ч аврагч бүрт байх ёстой багаж, техник бүгд бий. Нэгнийхээ багажийг нөгөөх нь дамжуулж хэрэглэнэ гэсэн ойлголт байдаггүй юм билээ. Манайхан бол багаж, хэрэгсэлээ дундаа хэрэглээд л явдаг шүү дээ. Иймэрхүү багаж техникийн ялгаа л харагдахаас биш аврах ажиллагаа явуулах арга тактикийн хувьд бол ижилхэн юм билээ.
-Цунами болчихоод, цөмийн станц дэлбэрчихсэн газар яваад очиход бас л эвгүй биз?
-Эвгүй, эвгүй. Дотор жаахан бэлбэгнээстэй л байсан. Бид багаж техник муутай учир мэдээлэл бага ирдэг. Яг бидний ажиллагаа явуулж байсан газар станц дэлбэрсэн газраасаа 100 гаруй км-ийн зайтай. Тэгэхэд бусад орны аврагчид багаж, техникээрээ шалгаж үзээд л цацраг идэвхт бодисын тархалт ийм түвшинд явж байгаа юм байна, аврагчдаа татлаа гээд шууд бэлэн байгаа онгоцондоо суугаад яваад өгчихөж байгаа юм. Бид болохоор мэдээлэл аваад Элчин рүүгээ яриад хамгийн сүүлд татагдах жишээний. Иймэрхүү техник хэрэгслийн ялгаа л харагдаж байсан.
-Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд бас л өөрийн саналаар яваад ирсэн. Дайны нөхцөл байдалтай байгаа улс руу явахдаа мэдээж мэдээлэлтэй, өөрийн төсөөлөлтэй л байсан байх. Яг яваад очиход нөхцөл байдал төсөөлж байснаас ямар байсан бэ?
-Суданд энхийг сахиулах ажиллагааны нэгдүгээр ээлжинд явсан. Нил мөрөнд завиар эргүүл, тээвэр хийнэ. Дайны байдалтай байгаа болохоор бас эвгүй шүү. Хаанаас ч, хэн ч гарч ирээд буудчихаж мэднэ. Анх яваад очиход тас хар даавуунаас ялгагдахгүй эвгүй эвгүй царайтай нөхдүүд. Хүүхдүүд нь хүртэл буу зэвсэгтэй явна. Юм л бол буудна шүү, хоолойг чинь хэрчинэ шүү гэж дохиж зангаж сүрдүүлээстэй. Ам муруйх л юм бол буудчихаас сийхгүй юм билээ.
-Их халуун орон болохоор нөхцөл байдлаас гадна уур амьсгалд нь дасах гэдэг том даваа байдаг гэж сонсч байсан юм. Хэр удаж байж орчин, нөхцөлдөө дассан бэ?
-Эхний хоёр, гурван сар бол ер нь л дасч өгөхгүй хэцүү байсан. Дөрөв, таван сар болж байж уур амьсгалд нь зохицож эхэлсэн, жаахан даарсхийгээд л…
-Даарахаа, тийм аймаар халуун газар уу?
-Халуун халуун. Гэхдээ өглөө үүрээр эргүүлд гараад явахаар бас жиндэнэ шүү, яг л манай намрын сэрүүн өглөө шиг. Харин тэрнээс илүү сэрүүн болно гэж байхгүй. Байнга халуун учир бид кондишнээр л амьсгална. Тэндээс харж байхад манай залуучууд учраа мэдэхгүй их аархуу, омголон юм билээ. Гадаа үйл ажиллагаанд оролцож ирчихээд хөлстэйгээ кондишн руу гүйж очоод салхинд цохиулчих гээд л.
-Тийм газар анх очиход хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Тийм газар очсон хүн хамгийн түрүүнд эрүүл мэндээ л боддог юм билээ. Манай монгол шиг сайхан орон хаана ч байхгүй. Дөрвөн улиралтай, дэлгэр тэнүүн энэ орны эзэн болж төрснөөрөө үнэхээр бахархдаг.
Суданд бол шөнийн гурван цаг өнгөрчихөөд байхад л аймшгийн халуун, бачимдмаар. Манай дарга цэргүүдийнхээ тэвчээрийг шалгах гээд нэг шөнө тогийг нь салгахад бүгд унтаж чадахгүй, босч ирцгээж байгаа юм чинь.
-Ингэхэд яаж яваад Онцгой байдлын албанд орчихов. Багын хүсэл сонирхол байв уу, эсвэл гэнэтийн учрал тохиолоор уу?
-Би 1995 онд 18 настайдаа цэргийн каринтин дээрээс Иргэний хамгаалалтын 122 дугаар ангид очиж байлаа. Наймдугаар ангиа төгсөөд мал маллаж байсан юм. Тэгээд Иргэний хамгаалалтад хүн ажилд авч байна гэж сонсоод л очсон доо.
-Хүний нэр сонин содон үүх түүхийг агуулж байх нь олонтаа. Танд яагаад Ганзам гэдэг нэрийг өгсөн юм бол?
-Аав, ээж маань хоёулаа төмөр замд ажилладаг л даа. Тэгээд надад Ганзам гэдэг нэрийг өгсөн юм. Тийм болохоор алтан шаргал зам намайг ивээх болтугай гэж залбирчихаад түмэн олонтойгоо байхад нүүр бардам явна даа гэж боддог шүү.
-Хүний амьдралд анхны гэсэн юм болгон мартагддаггүй гэдэг. Хамгийн анх ямар үүрэг гүйцэтгэж байв?
-Албандаа анх усчин аврагчаар орж байсан. Тэгэхээр хамгийн анхны үүрэг маань Туул голоос цогцос гаргах байлаа. Анх удаа цогцостой тулж байгаа болохоор дотор их л сонин болж байсан. Тэгэхэд манай бүлгийн дарга гавьяат Баавгай дарга байсан юм. Баавгай дарга намайг тайвшруулж, “Өөрийнхөө ах дүүгээ л гэж бод. Сэтгэлд чинь юм ороод, сэжиглээд байвал өөрт чинь муу шүү. Тиймээс ах дүү шигээ бодоод л авч гарч ирээд, цагдаа сэргийлэхэд нь хүлээлгээд өгчих” гэж байсан нь одоо ч сэтгэлээс гардаггүй. Бид чинь тухайн үед хувцас хунар, тоног төхөөрөмж муутай. Ганц турсиктэйгээ л шумбадаг байлаа шүү дээ. Одоо бол хувцас, техник хэрэгсэл сайжираад сайхан болж байна аа.
-Тухайн үед та нарыг хүйтэн ус руу спиртээр биеэ арчаад л ордог байсан гэж сонсч байсан юм байна?
-Тийм шүү. Яалт ч үгүй үүргээ гүйцэтгэхийн тулд намар, хавар зайрмагтай хүйтэн усанд орох тохиолдол цөөнгүй. Гарч ирээд спиртээр үе мөчөө арчаад л явдаг байлаа. Одоо хараад байхад ерэн хэдэн онд манай албанд ажиллаж байсан хүмүүс нуруу бөөр, үе мөч их муутай болсон байдаг. Намрын сэрүүнд чөмөг ташмаар хүйтэн усанд орж байгаа юм чинь арга ч үгүй биз. Тэглээ гээд хүйтэн байна, орохгүй гэх эрх бидэн байхгүй шүү дээ.
-Санаанаас гардаггүй хэцүү дуудлага байв уу?
-Тухайн үедээ байсан л байх. Одоо тулгамдаад тэр гэж хэлчихээр юм санаанд орж ирэхгүй байна. Харин хамгийн удаан хугацаанд үүрэг гүйцэтгэж явсан нь гэвэл 2002 оны Завханы түймэр байна. 70 хоног явсан шүү. Тэр олон хоногоор явахад хүний чанар жинхэнэ танигдана даа. Ширхэг тамхиа хуваагаад татаж байхад цаашаа хараад ганцаараа боорцогоо нууж идээд явж байгаа хүн бас гарна шүү дээ. Тэрэн шиг муухай юм байдаггүй юм. Байгаагаа олонтойгоо хуваагаад явах шиг сайхан юм үгүй.
-Хүний л араншин юм хойно мэр сэр тийм аминчхан үзэл гаргах нь таардаг л байх. Тийм хүмүүсээ та бүхэн хүмүүжүүлээд, олныхоо нэг болгоод авдаг юм биш үү?
-Тэгэлгүй яахав. Хүмүүжүүлж авахгүй бол болохгүй ш дээ. Бид нэг тангарагтай. Хамт олноо хайрлаж, нэг хүн шиг нөхөрлөж явах хэрэгтэй. Харин сүүлийн үед нэг л их том ярьсан, тэгсэн хэрнээ ярьсан шигээ байж чаддаггүй залуус олшироод байх шиг.
-Тэгвэл залуустаа хэр сургааль хайрлаж байна даа?
-Хайрлах үедээ хайрлана аа. Хүний сайн сайхны төлөө зүтгэж байгаа залуус маань тодорхой шалгуураа даваад хаттай л байх хэрэгтэй. Бидний ажил сэтгэлийн, бие бялдрын хат шаарддаг ажил. Нэгэнт энэ албанд зүтгэхээр шийдсэн бол энэ бүгдийг өөртөө суулгах хэрэгтэй. Сэтгэлээ тогтоон барих чадвар сайтай бол хаана ч газардахгүй дээ. Харийн нутагт ч тэр.