~~~~~Даян дэлхийн улс орнуудын амар амгалан, эв нэгдэл, энхтайвны төлөө Бүгд Найрамдах Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг халуун цэгт авхаалж самбаа, сонор сэрэмж алдалгүй ажил үүргээ нэр төртэй биелүүлэн ирсэн онцгой байдлын албан хаагчдаас та бүхэнтэй уулзуулж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас өмнөд Суданыг зорьсон анхны эмэгтэй болох эмч, онцгой байдлын ахлах дэслэгч Э.Өлзийжаргалтай ярилцлаа.~~~~~
-Өмнөд Суданыг эрчүүд л зорьдог гэж бодож байлаа. Явах шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
-Судан явах шийдвэр мэргэжлийн маань онцлогтой холбоотой. Эмч мэргэжилтэй хүн зайлшгүй явах хэрэг гарсан. Тэгээд даргатайгаа ярилцаж байгаад шийдвэрээ гаргасан. Би энэ сонголтыг хийсэндээ маш их баяртай байгаа. Тэнд очоод олон зүйл сурсан. Олон ч зүйл ухаарсан.
-Таны сүүлийн өгүүлбэр их сонирхолтой санагдлаа. Олон зүйл сурч, ухаарч ирлээ гэж байна. Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй ярьж болох уу?
-“Хүн дэргэдээ байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрдэггүй” гэдэг үг үнэхээр үнэн юм байна лээ. Иргэний дайнтай, хаа сайгүй буун дуу дуугарсан, тийм айдастай, түгшүүртэй бас ядуу тарчиг, эрх, эрх чөлөө гэж ам нээх ч эрхгүй, уух ус, идэх хоол нь хомс тийм газар очоод үнэхээр их юм бодсон. Ямар азаар би Монгол эх орноо олж төрөв өө гэж өөрийн эрхгүй бодогдсон. Бид үнэхээр азтай хүмүүс. /Нүдэнд нь нулимс цийлэгнэв/.
-Тийм шүү. Заримдаа бидэнд харьцуулалт их хэрэг болдог. Таны ярианаас сонсоход их л хэцүү газар бололтой. Эмэгтэйчүүд нь хэрхэн аж төрж байх юм?
-Нэг хүн хэдэн ч эхнэртэй байж болдог юм билээ. Эхнэр авахдаа мөнгөөр эсвэл үхрээр худалдаж авна. Мөнгөгүй эсвэл үхэргүй хүн эхнэр авахад үнэхээр хэцүү. Тийм болохоор эмэгтэй хүнийг эд хөрөнгө шиг л ойлгодог. Нөхөр нь худалдаж авсан л бол хайр сэтгэл, үзэл бодол огт хамаагүй сууж л орхино. Тэгээд хүүхдийг нь гаргаж, бусад эхнэртэй нь эв нэгдэлтэй амьдарна гэсэн үг. Нөхөн үржихүйн асуудлын хувьд ямар нэгэн зохицуулалт байхгүйгээр үргэлжилдэг. Хүнд хүчир ажлыг эмэгтэйчүүд голцуу хийнэ. Толгой дээрээ маш хүнд ачаа өргөөд л явж байна. Гэсэн ч тэд хэнд ч гомдолдоггүй. Ингэж л амьдрах ёстой гэж бодоцгоосон байдаг.
-Та иргэдээс ирсэн дуудлагад явж байв уу. Эсвэл зөвхөн алба хаагчдаа хариуцсан эмч үү?
-Ихэнхдээ алба хаагчдаа эмчилж сувилах ажилд явж байсан. Гэхдээ бас иргэдийн дуудлагад шаардлага гарвал явна. Тэнд хүний амь үрэгдэнэ гэдэг энгийн л нэг зүйл. Халууны халдварт өвчин их учраас сэрэмжтэй байхгүй бол болдоггүй. Орой унтахдаа тор татаж унтана. Тэгэхгүй бол шумууланд хазуулж, өвчин авах магадлалтай. Өдөр сэнс асаахгүйгээр байна гэдэг маш хэцүү. Ёстой амь тэмцэм халуун байдаг. Хөрсөн дээрээ 50 хүртэл хална. Тэр халуунд манайхан үүргээ гүйцэтгээд л явж байна. Энэ нь асар их тэвчээр хатуужил шаарддаг. Гэхдээ эргээд бодоход тэр бүгдийг даван туулаад эх орондоо эсэн мэнд ирсэн гэж бодохоор эрчүүдээрээ бас өөрөөрөө маш их бахархаж байна.
-Иргэний дайн та нарыг байхад болсон уу?
-Тэнд олон омогтой. Тийм болохоор эрх мэдлийн болоод үзэл бодлын зөрчил их байдаг. Түүнээсээ болоод хоорондоо буудалцдаг. Бааз тойроод л буун дуу их гарна. Нэг удаа манай баазад дүрвэгсэд орж ирсэн. Эхэндээ их айдаг байсан. Тэнэсэн суманд оногдчихвол тэгээд л хэцүүдэнэ шүү дээ. Аз болж бидний дунд тийм таагүй зүйл болоогүй. Энхийг дэмжих үйл ажиллагаанд явж байгаа залуус бол олон бэрх зүйлийг туулан гардаг зоримог, хүчирхэг залуус гэж би боддог.
-Та дээр цэвэр ус нь их хомс байдаг гэж дурьдсан. Манай орны хувьд ч цэвэр усны хомсдол нүүрлээд байна. 2017 он гэхэд цэвэр усны хэмжээ огцом буурч, бас л хэцүүхэн байдалд хүрнэ гэж судлаачид үзэж байгаа. Гэтэл бид цэвэр усаа ариг гамгүй хэрэглэдэг. Тэгэхээр тэндхийн байдал манайхны байдал эрс тэс юм, тийм үү?
-Тэнд усыг хэд хэдэн дамжлагаар хэрэглэдэг. Бас их хүндэтгэж хүртдэг. Ус ховор, их халуун учир хүүхдүүд нь үнээний дэлэнг барьж байгаад ам руугаа сааж сүү ууж харагддаг. Би нэг жишээ яръя. Нэг өдөр биднийг эргүүлээр явж байхад нэгэн эмэгтэй үхрийн шээсийг хувинд тосч харагдсан. Бид ч сонирхоод хараад л байсан. Гэтэл хүүхдийнхээ биеийг угаагаад өөрийнхөө хөл гарыг угаагаад асгачихсан. Эндээс харахад л ус ямар ховор, үнэ цэнэтэй болохыг ойлгох байх. Монголчууд бид амны хишигтэй хүмүүс. Арай ч ийм байдалд орохгүй байх. Гэхдээ л одооноос л усаа хайрлаж гамнахгүй бол усгүй улс оронд эрүүл мэнд, хөгжил дэвшил гэж яриад нэмэргүй гэдгийг л ойлгосон.
Л.Мөнхчимэг